Tuesday, February 25, 2014

Намар гэх өгөгдөл

Анх удаа л гэрээсээ өөр газар ахин дахин очих мэдрэмжийг надад өгсөн. 10 жилийн анхны намар надад найз нөхөд, нандин үерхлийн эхлэлийг тавьсан.

Анх удаа л тэнгэрээр алхаж, түүнээсээ өөр зүйл бодолгүйгээр нэг газарлуу явсан. Харин буцаж ирэхдээ гунигыг, уйтгарыг өөртэйгөө хамт аваад ирсэн. Намар надад ганцаардалыг өгсөн.

Анх удаа л өөрийнхөө боловсролыг шалгуулсан. Түүнээс хойш олон зүйлд боловсрол минь өндөрдөх болсон :P. Намар надад шинэ амьдралыг бэлэглэсэн.

Анх удаа л бусдын бодлыг чихээрээ биш нүдээрээ унших болсон. Түүний дараа би өөрөө бодлоо бичдэг болсон. Намар надад өмнө өгсөн бүх зүйлээ бүгдийг нь ахиж шинээр өгсөн. Энэ л намар намайг энд хүргэсэн. Энэ л намар надад эрхэм. Энэ л намрыг би үүрд дурсана.

Намрын тухай бүх дурсамж минь биш ч надад өгсөн нандин бүхэн минь.

2011/08/30 15:17  

Кайф

Амьдрал яг нэг хэвийн болоод ирэхээр л ингээд хоол нь амьтгүй, хорвоо нь өнгөгүй, хүмүүс нь сонирхолгүй, хүн чанаргүй(энэ хэсэгт зүгээр л толгой холболт хийсэн болно :P)  блог нь бичлэггүй болоод ирдэг байхгүй юу. Уг нь бол юм бичмээр л байгаан тэгсэн даан ч яасан нэгэн хэвийн өдөр хоногууд урссаар, цуварсаар, өнгөрсөөр л байна. Амьдралын амт шимт бал бурмыг амсаж явах насан дээрээ ийм юм бичээд сууж байх ч гэждээ ишшш чааваас гэж :( . Уг нь адармаатай, адал явдалтай, асуудалтай байвал өрнөлтэй, өнгөтэй, тэмцэлтэй байх гээд байна шд. Цагын сайханд даакласан, далдайсан, дарвайсан, аз нь шовойсон, од нь гийсэн, адтай, алаг нүд нь эргэлдсэн тэр хүн нэгхэн зуны дотор духандаа үрчлээ нааж, насандаа намба зааж, харьцаандаа соёл шааж, тооцоотой, томьёотой, туршлагатай, нурмайсан, унжийсан, навсайсан л юм явдаг болчхымаа.

Одоогын энэ өндөрлөгөөс эгц доош харахад эрсдэл гэдэг чинь л амьдралыг сонирхолтой, үйл явдалтай, адармаатай, амттай болгохымдаа гэж. Алдана гэдэг чинь л өөрөө амьдралын кайф юм шүү дээ.

Амьдарсаар л... Батси

2011/10/14 00:12  

Мадлуулахвий

Ойрд Жоё, ЖиТулга, Элхан, ТайгарФиш, Цоомоо, Аниме гэх нөхдүүдтэй шатар тоглоод байсан чинь том болоод ухаан суугаад байгаа шд ккк. Бага байхдаа аавтайгаа хамт шатар тоглоно. Тоглох ч юу байхав буруу нүүлээ гэж загнуулна, баахан хожигдоно, шарандаа уйлна. Гэхдээ энэ бүгдээс олон санаа сурч амьдралдаа хэрэгжүүлж алдаж, онож байснаа санавшд. Үүнээс:

Шатар тоглоход эхлээд сурж ойлгодог зүйл бол ашигтай нүүдэл. Миний хувьд ашигтай нүүдэл гэдэг нь ихийг багаар солих, илүү идэх болж өгвөл шууд мадлах. За тэгээд ашигтай нүүхийг амьдрал дээр хэрэгжүүлсэн туршлага: Бага байхад гэрийн ажил хийнэ гэдэг бол надад үнэгүй хөдөлмөрийн мөлжлөгө шиг л санагддаг байлаа. Тэгээд аав ээж намайг гэрийн ажил хийлгэх гэж харин би кармааны мөнгөтэй болохын тулд дундын гэрээ хийлээ. Би өрөөгөө өдөр болгон цэвэрлэнэ, тоосоо долоо хоногт 2оос доошгүй удаа соруулна, хүнс цуглуулна, хоол бэлтгэлцэнэ гээд л. Энэ бүхэн сайхан байлаа, цэвэрч, тусархаг, аав ээждээ халамжтай гэж дуудуулсныхаа төлөө мөнгө авна гэдэг бол нэг сумаар 2 туулай буудахтай л адил. Үлгэр төгсөх хүртлээ жаргалтай байдаггүйтэй адил эгч аав ээж 2той бага ашгын гэрээ хийж би албан шаардлагаар үнэ төлбөргүйгээр үйлчлэгч боловоо гэж. Сургамж: Амьдрал дээр 2 биш 6,7 тэрбум хүн шатар тоглодог. Өөрийн нүүдлээ нэг хүнд, нэг талаас нь биш олон хүнд олон талаас нь харж байж хий... ЗА

Дараачын ойлголт бол ашигтай байрлал. Ашигтай байрлал эзэлсэнээр айлын хүү, бод болон бэрсийг нүүдэлгүй болгох, монжоо гаргах, сул идэх гэх мэт маш олон давуу талтай. Миний амьдралын туршлага: Эмээ бид 2 бол эсрэг жилийн эсрэг ордонд төрсөн хүмүүс лдээ. Хамт амьдарч байх хугацаанд бол мөнхийн хэрүүл, тэмцэл, өрсөлдөөн, тулаан өрнөдөг байв. Эмээ ч 80 жилийн туршлага гээд над мэтийн залуу хүнийг өөртөө хавьтуулах ч гүй. Хамаатны бэрс, боднууд орж ирэнгүүт ноёныг цодолсон айлын хүү мэт л намайг ойлгуулаад л бариулж идүүлнэ. Талбайгаар дүүрэн эмээгийн цагаан талын хүү бод болон бэрснүүд тэр дунд нэг хар хүү. Юун ашигтай нүүдэл, талбай дээр зогсох нүд олдох нь уу? Тэгээд л тоглоомонд оролцохын тулд 100 хувь бууж өглөө. Тэгтэл би асар хүчирхэг цагаан талын хүү болон хувирах нь тэр. Намайг бэрс юм уу ямар нэг бод болгохын төлөө манай бэрс болон боднууд зам цэвэрлэж өгнө. Надтай адил хүүнүүд хойно урдаас хамгаалж явна. Би ч ноёноо хамгаалсан хүү болох нь тэр. Ингээд эмээ маань миний хамгийн сайн өрсөлдөгч, хамгийн сайн ар даагч болсымдаа. Сургамж: Хүү, бэрс юм уу бод болтлоо зөвхөн урагшаа л нүүдэг. Шалдан ноён мадлуулна уу гэхээс мадлаж чадахгүй. Өөрийн талын бод, хүү, бэрсгүйгээр ашигтай байрлал гэж хэзээ ч байхгүй. Ашигтай байрлалыг хүн ганцаараа биш олуулаа байсны дүнд гаргадаг...

Гэх мэт хүн олон зүйлийг шатарнаас ойлгож авах боломжтой. Миний түүх, сургамж ч үүгээр дуусаагүй... Нүүдэл байгаа цагт хүн нүүж л байдаг. Амьдралын шатар тоглоомноос нэг л зүйлээрээ ялгаатай. Амьдрал дээр тэнцдэггүй юм.

Нүүсээр л Батси

2011/10/17 15:28

Батси цаг хугацааны машинтай байсан бол...

Хүн болгонд л дурсамжаасаа бүүр хасаад хаячихмаар түүхүүд байж л байдаг байх. Надад бол байдаггүймөө гэшаассс :P ккк. Би тэгээд бодлоолд хэрвээ цаг хугацааны машинтай бол тэгээд тэрүүгээрээ дуртай үедээ очиж алдаагаа засах боломжтой бол би юуг яаж засах вэ гэж. Их л юм байна өнгөрсөн рүү эргэж харах тусам эргэж санахаас ч санаа зовмоор юм их байхымаа. Тэрийг ч тэгчихмээр, энийг нь ч энгчихмээр, бүх алдаагаа засчихмаар, алдсан боломжуудаа нөхөөд олчихмоор гээд хамаг шуналтай зан хөдлөөд, төгс төгөлдөрлүү тэмүүлээд явчихлаа. Тэгээд бүх зүйлийг засдагаараа заслаа, алдаа мадаггүй болчихлоо гэж бодсон чинь 

1т Өмнөх шигээ алддаггүй юмаа гэхэд өөрөөр ахиад шинээр алдах л байсан.
2т Эсвэл тэгж алддаггүй юмаа гэхэд одоогын би, би-гээрээ биш өөр хэн нэгэн болчихсон байх байж. Би одоогын өөртөө л хайртай
3т Би шинэ замуудыг сонгох учраас одоогын миний анд нөхөд, үнэт зүйлүүд, үнэнч фэнүүд ;P гэх мэтчилэн бүгд өөр хүмүүсээр солигдох байж, тэднүүс нь ямар ч хүмүүс байгаа билээ, хэн ч байсан би тануусдаа л хайртайм чинь. Гол нь би шинэ замналаараа блог гэдэг замыг нэмж оруулах байсан ч юм уу? үгүй ч юмуу. Завгүй лидер хүний амьдралд блог гэж бараг байхгүй учраас блогчин Батси ч гэж байхгүй байх байжээ.

Ингээд бодохоор миний амьдрал алдаа мадаг олон, өөрчлөх зүйл ихтэй байсан ч гэсэн амьдрал надад авснаасаа илүү ихийг өгжээ. Одоо байгаа амьдралдаа сэтгэл хангалуун байж чадахгүй юм бол яаж өөр амьдралд сэтгэл хангалуун байж чадахавдээ. Батсид цаг хугацааны машин байсан бол шатааж дэлбэлээд устгах юм байна шүү хүмүүсээ ккк. Яахав устгахаасаа өмнө ирээдүй рүү явж Sports Almanac 2012-2080ийг авчихнаа хахаха. 

2011/10/28 13:28  

Харин

Харин лдээ яг сайн хэлж мэдэхгүй л юм, гэж найзынхаа хэлснийг сонсоод залуу яагаад гэж өөрөөсөө ахин асуув. Энэ үг бол түүний хамгийн үзэн яддаг үг. Хар багаасаа л энэ үгэнд баригдаж өөртөө итгэх итгэлээ алдсаар байгаа билээ. Өөрөөс нь болоод ч тэр үү эсвэл өрөөл бусад нь ч тэгж хэлэх дуртайдаа юу тэр залуу мэдэхгүй ч, хэн нэгэнд санал тавих болгонд сонсдог үг нь. Залуу багаасаа аливаа асуудалд алдахаасаа айлгүйгээр шийдэмгий хандаж ирсэн учраас бусдын саналыг ч гэсэн, амьдралаа сүйрүүлэхгүй л бол, зөвшөөрсөөр иржээ. Түүний амьдралын философид "Харин" гэдэг үг, ойлголт огтоос зохихгүйгээс гадна, хэзээ ч ойлгож чадахааргүй зүйл. Тэр алдвал дараачын замыг хайхаасаа илүү алдаагаа засаад өөрийнхөө замаар илүү хурдан урагшлахыг эрмэлздэг. Тийм ч учир бусдаас шийдэмгий, тууштай зан чанарыг хайж нэхдэг. Бусдын олон боломж бололцоотой буюу туйлбаргүй амьдралыг, яагаад өөрсдийгөө энэ байдалдаа илүү тайван, найдвартай, баталгаатай гэж боддогт нь гайхдаг. Залуухан насандаа өөрсдийнхөө эр зориг, найдвараа алдсан найзуудаа хараад харамсдагаа нэг бус удаа хэлж байсан ч тэд "ХАРИН чинийх тэгээд баталгаатай, найдвартай... г.м" өөрсдийгөө өмөөрсөн үгс болон өөрийг нь зөрүүлээд зэмлэсэн үгсээр булуулаад авдаг байлаа. Нөхцөл байдал тодорхой байхад хүмүүсийг яагаад эргэлздэгт тэр гайхаж байнга өөрөөсөө "яагаад" гэж асууна. Өөрсдөдөө итгэдэггүй болохоор бусдад ч итгэдэггүй гэж үү!!! Энэ бол түүний өөрөө өөртөө өгсөн хамгийн оновчтой зөв хариулт нь.

Харин, өөртөө итгээд чамд итгэтэггүйд асуудал байна уу!!!  Чиний боломж бололцоо, түүний боломж бололцоо 2 өөр учир бодоод байна уу? Алдаж болохгүй учраас алдахаасаа айдаггүй хүнтэй хамт нэг замаар явахаасаа эмээгээд байна уу?...........

Залуу бодно. "Харин" 

2012/02/07 15:31 

Би хэн бэ?

Сэтгэлээр унасан бүхэндээ өөрийгөө унагааж болохгүй.
.
Хүн яагаад өөрийгөө бусдаас ингэж дөвийлгөх дуртай юм бол. Бидний бусдыг үнэлэх үнэлэмж яагаад ийм сонин юм бэ?!. Заримдаа миний үзэл надтай хамт төрсөн мэт санагддын. Амьдралаас суралцаад үзэл бодлоо төлөвшүүлсэн тохиолдол их цөөн. Ихэнх нь л бага байхад суучихсан мэт. Бага байхад хүмүүсийг гомдоож байснаа ойлгох тэр цагт өөрийгөө зөв хүн болгоно гэж амлаж... Өөрийгөө хойш нь тавьж өрөөл бусдын доторлуу орсноор... Юу үнэн яавал зөв болоход эргэлзэх тэр л үе... Өөрийгөө хуурч эхэлсэн мэт. Нандин бүхэн минь хуурмаг мэт санагдах... Баг зүүх шаардлагатай болох... Нулимсны утга учирыг өөр зүйлд өгж... Өөрийгөө зүхэж эхлэх тэр цагт... Бүх зүйл хоосон мэт болох. Үнэ цэнэгүйдэж, утга учиргүйдэж, худал хуурмагаар дүүрэх үед... Сэтгэл хоосрож, тэрбумын дунд ганцаардаж, өөрийгөө ойлгохоо болих цагт... Хэн байснаа, хэн байгаагаа, юунд тэмүүлснээ хэзээ ч мартаж болохгүй.

Өөрийгөө алдсан үедээ өөртөө багахан ч болов цаг гарга

2012/03/19 12:06  

Нүцгэн цаасанд нуугдсан бэх

Энэ удаагын блог идэвхжүүлэлт их өргөн цар хүрээтэй болж байгаа учраас оролцохгүйгээр өнгөрч болохгүй юм шиг санагдаад хэдэн үгс бичлээ.
Би ч ямар өөрөөсөө өөр хүн, бодлоосоо өөр зүйлийн тухай бичиж чадах биш өөртөө буулгаад бичнэ дээ.

Магадгүй та ч гэсэн надтай адил баг зүүдэг л байх. Гэхдээ би дургүй лдээ. Хаана ч хэзээ ч өөрөөрөө байхыг хүсдгийн. Хүмүүс намайг яг байгаагаар минь хүлээж аваасай гэж. Гэхдээ дийлэнх нь хэзээ ч тэгж хүлээж авж байсангүй. Хүмүүсийн хар бодолтойнх уу, эсвэл нэгнийхээ өөнтөглөж харах дуртайгынх уу, ямар ч үйл үйлдэл үг бүрт боломжит хувилбаруудаас хамгийн муугаар нь бодно.

Нөгөө талаас үнэхээр зарим нэг зан авир бусадтай нийцдэггүй цор ганц юм бол үүнийг ил гаргаад байх шаардлага байна уу. Ерөнхий энэ 2 тохиолдлоос болоод л хүссэн хүсээгүй баг зүүдэг.

Би бол хоосон цаас шиг, дээр нь хүн дуртай зүйлээ бичиж болохоор, анд найзууд надад өөрсдийн зангаа бичээд хадгалуулахаар, амраг хайрт хайрын үгсээ буулгаад өгөхөөр, аав ээжийн алтан үгс амьдралын ухаан сийлж болохоор тийм хоосон цаас. 

Чишш чимээгүй яг үнэнийг хэлэхэд би бэх байхгүй юу, цаасан дээр өөрийн хүссэнээрээ тодорч харагдаж чадах бэх. 
. 
Нүцгэн цаасанд нуугдсан бэх - Батси

2012/03/21 14:27