Tuesday, February 25, 2014

Цэцэрлэгчин

Тэр газарт хуучин шигээ өвс ногоо ургамал ургаж, үзэсгэлэнт гол горхи урсахаа байжээ. Хагдарч хуучирч цөлжиж эхэлсэн хязгаар нь үл харагдах газрыг цэцэрлэгчин орхиж явснаас хойш тордож өндийлгөх өөр хэн нэгэн байхгүй байсан учир, өдрөөс өдөрт өнгөө алдсаар одоо элсэн шуурга эргэлдсэн, ан цав үүссэн хүйтэн хөндий газар болон хувирсан байна. Энэ газарт өмнөх цэцэгчин өөрийн хайр халамжаараа тордож, бүхий л сайхан зүйлсийг хийж аз жаргалаар бялхуулж байсан юм. Уг нь энэ газрын хаалгаар нэвтэрч чадах онцгой нэгэн байсан юмсан. Яг хүссэн газар нь биш учраас цэцэгчин уг газрыг орхисон байж магадгүй л юм. Тэр цэцэрлэгчин өөр газар очоо болов уу? эсвэл одоо хүртэл яг өөрт тохирох газраа хайсаар яваа юм болов уу? Буцаж ирэх болов уу? Энэ хаалгаар нэвтэрч чадах өөр цэцэрлэгчин оршин байдаг юм болов уу? Тэр цэцэрлэгчнээс өөр цэцэрлэгчин энэ газрыг диваажин болгож чадах болов уу? гэх мэт бодлууд эргэлдэнэ уг хөндийн газрын эзэнд бодогдоно. Баяр хөөр, аз жаргал нь цөхрөл зовлон хорсолоор солигдсон ч итгэл найдварын нар нь хэзээ ч жаргаагүй билээ. Хаалгаар нэвтэрч чадах толин тусгал мэт тэр л цэцэрлэгчнээ хүлээсээр...

2014/01/07 01:03  

No comments:

Post a Comment