Намуухан долгиолох далаан давалгаа хөлөгт онгоцыг сэм сэмхэн ирж мөргөх чимээ, зөөлөн салхи чихний хажуугаар өнгөрөн гарахдаа лимбэдэн байгаа нь байгалын симфони оркестрийн цогц аялгуу мэт байгаа нь дуранч залууд нэн таатай бөгөөд сар орчим далайд төөрсөн сэтгэлийг нэг л тайтгаруулах мэт. Одтой тэнгэр нь харагдахаа больж үүлт тэнгэрээр солигдсон цагаас эхлээд хүнд өвчнөөр өвдсөн далайн ахмадаа сэрэн сэртэл эх газрыг олно гэдэг сохор хүнээр зүү сөвлүүлэх мэт хэцүү санагдана. Өдөр шөнөгүй эх газрыг олох гэж дурандах энэ залуу нас биенд дөнгөж хүрмэгцээ амьдрал үзэхээр эх нутаг, элэг нэгтнүүдээсээ холдон, анхны уулзалтаар итгэлийг нь олж авсан ахмадыг даган далайд гарсан нь энэ. Хоол унд, цэвэр усны дутагдлаас авахуулаад ахмад нь эдгэрч, эх газрыг олно гэсэн итгэлээ алдаж эхэлцгээсэн далайчид өдрөөс өдөрт галзуурч эхлэх мэт энэ үед энэ залуу л өөртөө энэ бүгдийг аварч эх газрыг олж харж чадах мэт итгүүлнэ. Уртаар үргэлжилсэн эдгээр бүрхэг өдрүүдийн энэ л шөнө түүний нүдэнд гэнэт оч гялбана. Ажиглаваас гялалзаж харагдах од мэт... сайтар дурандвал орчлонгын хамаг сайхныг мэдрүүлсэн итгэл найдварын гэрэлт цамхаг гэрэл гэгээгээ эргэн тойрондоо цацруулна. Тэр хэт их өөртөө итгүүлснээс болоод хий хараад байна уу?.. Аль эсвэл үнэхээр тэнд гэрэлт цамхаг байгаа үгүйг ялгаж чадсангүй. Гэхдээ түүний нүүрэнд инээмсэглэл тодорчээ... Түүний итгэл түүнийг ахиад цааш амьдруулна :-).
2012/05/22 01:52
2012/05/22 01:52
No comments:
Post a Comment